Баяр наадмын мэндчилгээ
2018-07-09

Монгол эх орныхоо 4 зүг, 8 зовхист ажиллаж, амьдран суугаа “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн 1500 гаруй инженер техникийн ажилтнууд, 600 гаруй ахмад холбоочид, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ажилтан, албан хаагчид, нийт наадамчин олондоо Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Одоогоос 10 жилийн өмнө 2300 км байсан манай шилэн кабелийн сүлжээ өнөөдөр 17586 км-т хүрч, МУ-ын бүх аймаг, 370 гаруй сум сууринд бидний үндсэн сүлжээ орсон байна. Энэ жил манай компани Үндэсний ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр 7 дахь удаагаа шалгарсан бол төрийн өмчийн шилдэг 3 компанийн нэгээр шалгарлаа. Энэ бол бидний үнэт капитал болсон хамт олон, инженер техникийн ажилтнууд, холбоочдын маань хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр шим юм. Харилцаа холбооны салбар нь харьцангуй даяаршсан, дэлхийтэй хөл нийлэн алхдаг, маш хурдтай хөгжиж байдаг салбар. Энэ хөгжлийн хурд нь бусад салбарын хөгжлийг араасаа хөтөлж явдаг. Манай хамт олны хувьд улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн, бид цаашид ч салбарын аж ахуйн нэгжүүддээ болон бусад салбарт хөгжлийн хөтөч нь байхын төлөө зорин ажиллаж байна. Үүний нэг жишээ нь бид Монголын хөгжлийн сүлжээ 2021 дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Уг стратеги төлөвлөгөөний дагуу 2017-2019 онд “Үндсэн сүлжээний багтаамжийг аймгийн төвүүдэд 100Гбит/сек хүргэнэ” гэсэн зорилтыг тавьж, төслийн эхний шатыг хэрэгжүүлэн төвийн бүсийн 9 аймгийн төв, 2 зангилаа цэг, Улаанбаатар хотод тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг бүрэн дуусгаж “Монголын хөгжлийн сүлжээ – 2021” их багтаамжийн дамжуулах сүлжээнийхээ нээлтийг 2018.07.15-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа.

“100Гбит/cек багтаамж бүхий үндсэн сүлжээ байгуулах” төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын интернэт болон цахим хэрэглээнд үсрэлт гарч, мэдээлэл харилцаа холбооны салбарын улс орны нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл бодитойгоор нэмэгдэх алхам болох юм.
Монголын хөгжлийн сүлжээг бүтээн байгуулж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын ирээдүйн өнгийг тодорхойлж, улс орныхоо хөгжлийн хөтөч нь болж яваа компанийнхаа 1500 гаруй ажилтнууд, нийт хамт олондоо болон бидэнтэй хамтран ажилладаг нийт харилцагч байгууллагууд, тэдний мянга мянган ажилтан, албан хаагчид, нийт үйлчлүүлэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр байж, Монгол түмний минь заяа буян тэгш дүүрэн байхын ашдын ерөөлийг “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн нийт хамт олны зүгээс өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ КОМПАНИ

 

 

Back to Top

© 2018 он ICN. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.