ЭРХЭМ ТАНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Монгол Улсын хөгжил дэвшлийн суурь болсон мэдээлэл, харилцаа холбооны салбарын тэргүүлэгч байгууллага Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд мэдлэг, ур чадвар, тасралтгүй хөгжилд суурилан амжилтын түүхийг бүтээсээр ирлээ. Тус компани нь анх 2,300 км урттай харилцаа холбооны сүлжээтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 21 аймаг, 301 сум, суурин газрыг хамарсан 19,676 км урт шилэн кабелийн үндсэн сүлжээ болон өргөжиж, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хамарсан мэдээллийн технологийн үндсэн дэд бүтцийг бий болгосон байна.
Улс орны мэдээллийн урсгалын гол цөм болсон энэхүү үндсэн сүлжээ нь өнөөдөр 12,884 холбооны худаг, 999,534 метр урт сувагчлал, 463 үйлчилгээний болон техникийн байр, 399 холбооны цамхаг бүхий орчин үеийн дэд бүтцээрээ дамжуулан харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг найдвартай хүргэж байна. Эдгээр амжилт нь бидний тасралтгүй инноваци, чанарын өндөр түвшинд чиглэсэн бодлого, хэрэглэгч төвтэй үйл ажиллагааны үр дүн юм.
Бид үндсэн сүлжээний найдвартай ажиллагааг хангах, сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх, технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд бид аймгийн төвүүдийн шилэн кабелийн дамжуулах сүлжээний багтаамжийг тус бүр 100G хүртэл өргөтгөж, сүлжээний техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор жилийн 365 өдөр, 24 цагийн турш тасралтгүй, идэвхийлэн ажиллаж байна.
Мөн бид харилцаа холбооны дэд бүтцийн салбарт 308 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг. Манай компанийн үндсэн болон гэрээт 1,648 инженер, техникийн ажилтан Монгол орны өнцөг булан бүрт энэхүү үндсэн сүлжээний хэвийн ажиллагааг тасралтгүй ханган ажиллаж, хэрэглэгчдэд найдвартай, өндөр чанартай үйлчилгээг хүргэхийн төлөө өдөр бүр хүчин чармайлт гаргаж байна.
Бидний эрхэм зорилго бол Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөтөлж хөгжүүлэн технологийн шинэчлэл авчирч, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх Монголын Хөгжлийн Сүлжээг байгуулна. Энэхүү зорилгын хүрээнд бид ирээдүйд ч тасралтгүй хөгжиж, хэрэглэгчид, хамтран ажиллагч байгууллагуудтайгаа хамтдаа илүү өргөн боломж, найдвартай үйлчилгээ, дэвшилтэт технологийн орчинг бий болгох болно.
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал
Б. Мөнхбат