Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Мэдээлэл холбооны сүлжээ ХХК
Үйл явдал

МОНГОЛ УЛСАД НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖИЙГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА

2026-08-26 · 16 үзсэн
МОНГОЛ УЛСАД НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖИЙГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА

COP17 “Монгол Улсад ногоон дата төв байгуулах эдийн засгийн боломж”

COP17-ын үеэр “Монгол Улсад ногоон дата төв байгуулах эдийн засгийн боломж” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын байгалийн нөхцөл, хөрөнгө оруулалтын орчин болон цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компани, санхүүгийн байгууллагуудад танилцууллаа.

Монгол Улсын сэрүүн уур амьсгал нь дата төвийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чухал нөхцөл юм. Дата төвийн нийт эрчим хүчний хэрэглээний үр ашгийг хэмждэг эрчим хүчний хэрэглээний үр ашгийн үзүүлэлт (PUE)-ийг 1.2-оос доош түвшинд хүргэх боломжтой бөгөөд дэлхийн дундаж 1.54-тэй харьцуулахад хөргөлтийн эрчим хүчний зардлыг 40 хүртэл хувиар бууруулах нөхцөл бүрдэнэ.

Монгол Улс 2.6 тераваттын сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй. Нар, салхины нөөцийг дата төвийн эрчим хүчний хэрэгцээтэй уялдуулснаар шинэ эрчим хүчний эх үүсвэр, хуримтлуур болон дамжуулах дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах боломжтой.

Мөн Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл нь өгөгдлийн засаглал, аюулгүй байдал, хүртээмж, дэд бүтцийн эрх зүйн суурийг бүрдүүлж, өгөгдлийг хуульд нийцүүлэн ашиглах, солилцох, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байна. Түүнчлэн дата төвийн үйлчилгээ эрхлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг тодорхой болгохоор тусгасан.

Хувийн хэвшлийн эрчим хүч үйлдвэрлэгчид хосолсон эх үүсвэр, зориулалтын эрчим хүчний шийдэл, микро сүлжээг хөгжүүлснээр дата төвийн төслүүдийг 24 сарын дотор эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

Дата төвийн үр өгөөж зөвхөн тооцооллоор хязгаарлагдахгүй. Эрчим хүчний дэд бүтэц нь үндэсний сүлжээг бэхжүүлэхийн зэрэгцээ дата төвөөс үүсэх илүүдэл дулааныг дахин ашиглан сум, орон нутгийн дулаан хангамжид нийлүүлэх боломжтой.

Төр өөрөө дата төв барих бус, эрх зүй, эрчим хүч, дэд бүтцийн таатай орчныг бүрдүүлж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах замаар өгөгдөл, эрчим хүч, хиймэл оюун, дижитал дэд бүтцэд суурилсан өндөр өгөөжтэй шинэ эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Эрчим хүч – Тооцоолол – Хиймэл оюун – Өндөр өгөөжтэй шинэ эдийн засаг

#COP17Mongolia #UNCCDCOP17 #DigitalMongolia