ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон холбогдох албаны хүмүүс Мэдээлэл холбооны сүлжээ компанийн удирдлагуудтай уулзаж компанийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай холбоотойгоор санал солилцож, үүрэг чиглэл өглөө.

Уулзалтанд Мэдээлэл холбооны сүлжээ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, ТУЗ-ийн гишүүн бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хэлтсийн дарга Н.Ганболд, холбогдох албаны хүмүүс болон тус компанийн 21 аймгийн газрын дарга нар цахимаар оролцлоо.  

Уулзалтын эхэнд Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат: Мэдээлэл холбооны сүлжээ компаниийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, 2022 оны бизнес төлөвлөгөөний хэрэгжилт, цаашдын зорилт, 2017-2021 онд хэрэгжүүлсэн “Монголын хөгжлийн сүлжээ-2021” стратегийн хэрэгжилтийн дүнд орон нутгийн цахим хэрэглээг 9 дахин өсгөх, дамжуулах сүлжээний нэгж үнийг 5 дахин бууруулах ажлыг хэрэгжүүлж, үндсэн сүлжээний багтаамжийг аймаг бүрт 20 дахин нэмэгдүүлэн Монгол улсад цахим шилжилт хийх суурь дэд бүтцийг байгуулах ажлыг оновчтой зохион байгуулсан. Үүний үр дүнд Монгол улсын дамжуулах сүлжээний багтаамж 168 дахин, хөдөлгөөнт холбооны 4G хэрэглэгчийн тоо 12.1 дахин, хөдөө орон нутгийн интернэт хэрэглээний бодит урсгал 15.5 дахин нэмэгдсэн гэдгийг тодотгосон юм. 

 

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл тус уулзалтанд хэлсэн үгэндээ: Мэдээлэл холбооны сүлжээ компанийн тухайд Монгол улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам зэрэг байгууллагууд үр ашгийн тооцоо хийсэн ба олон нийтийн оролцоог нэмэгдүүлснээр компанийн засаглал сайжирч, үр ашиг нэмэгдэх ба хяналт нь хувьд шилжихгүй, зөвхөн олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг онцоллоо. Мөн “Монгол улсын Засгийн газар”-ын мөрийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого” цаашдын зорилт, “Цахим засаглал”, “Цахим Монгол” хөтөлбөрийн ирээдүйн тухай танилцуулж, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн хүрсэн үр дүн, тус хамт олны гаргаж буй амжилтыг сайшааж, талархал илэрхийлээд холбогдох үүрэг чиглэлийг өглөө.