ШУТИС-ийн МХТС-иас жил болгон зохион байгуулагддаг “Ажил олгогчдын өдөрлөг 2025” арга хэмжээ 2025 оны 4-р сарын 22-ны өдөр МХТС дээр зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт МХС ХХК-ийн Сургалт, хөгжлийн хэлтэс, Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцон, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан таниулж, үйлдвэрийн дадлага хийх оюутнууд болон төгсөх курсын оюутнуудад сул ажлын байрны мэдээллийг өгч, тэдний санал бодлыг сонсон харилцан ярилцлаа.
Уг өдөрлөгт дотоод, гадаадын төр, хувийн хэвшлийн 36 байгууллага оролцсон. Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулснаас гадна оюутнуудад цалинтай, цалингүй дадлагын, цагийн болон үндсэн ажлын байр санал болгож ярилцлага, сонгон шалгаруулалт зохион байгууллаа.
Энэ үеэр МХТС-ийн судалгааны багуудтай хамтран судалгаа хөгжүүлэлтийн төсөл эхлүүлэх, хичээлийн бус цагаар оюутнууд мэргэжлийн чиглэлээр цагийн ажил хийх, техник хангамжийн чиглэлийн ажиллах хүний нөөц дутагдалтай байдал, сайн мэргэжилтэн бэлтгэхэд ажил олгогч, сургуулийн хамтын ажиллагаа чухал байгаа талаар ярилцлаа.